Tuesday, January 31, 2012

Мухар сүсэгтэн, мунхаг үзэлтэнгүүд

"Үс сахландаа баригдсан нүдний шил болсон есөн өвгөн эрдэмтэн өөр өөрсдийн зохиосон машиндаа суужээ. Хутга жад, араа соёогоор тоноглогдсон хүүхдийн тоглоомон машины дайтай өнөөх төхөөрөмжүүд нь харахад сүртэй бөгөөд бүгд хоорондоо дайтан тулалдаж, нэгнийгээ алснаар хамгийн сүүлд үлдсэн нэг нь ялагч болох аж. Дунд сургуулийн биеийн тамирын зааланд цугласан бүхэн тэднийг дэмжин уухайлахын зэрэгцээ тэдний дотор таньдаг хүмүүс олон харагдах юм.



Тэмцээн эхлэхийн алдад бүгд дуугаа хураан амьсгаа дарахтай зэрэгцэн би чанга дуугаар ийн өгүүлэв. "Юм гэдэг хоёр талтай. Энэ мэт ухаантай хүмүүсээ бид алж хядахаас урьтаж сайн сайхан зүйл бүтээлгэн ашиглахаа бодох ёстой. Та нар харин мухар сүсэг, мунхаг шашныхаа харгайгаар энэ эрдэмтдийн амь насыг хороож байгаа нь муу зүйл" гэв.

Ингэж хэлсний дараахан заалны гэрэл унтарч таг харанхуй болов. Хаалганы тэндээс бололтой нэгэн эмэгтэй хэн сая хэлэв хэмээн ориллоо. Би хэсэг чимээгүй байснаа "Би" гээд өөрийнхөө нэрийг хэлэхэд заал тэр чигээрээ инээлдлээ.

Гэрэл ассаны дараа зааланд гэрийн буурийн чинээ хоёр газар бензин асган тойрог гал асаав. Гэтэл нэгэн цэнхэр даашинзат охин гарч ирснээ миний эсрэг үг хэлээд, үзэл бодолдоо үнэнчээ бататган гал дотор орж бүжиглэв. Гартаа мөн тамхи барьсан агаад даашинзных нь хормойд галын дөл асан дүрэлзэхэд тэвчээр заан бүжиглэсээр шатаж үхэв. Дахин хоёр охин, нэг залуу мөн гарч ирэн үг хэлээд галд орж шатаж үхцгээв. Гайхалтай нь тэд үхлээс огт айхгүй бөгөөд шатаж түлэгдэх үедээ зовлонгоо мэдэгдүүлэхгүйг хичээн ганц ч орилсонгүй нь гайхалтай.

Энэ бүхнийг үзээд миний сэтгэл санаа уймран айдаст автаж энэ бузар шашны цуглаанаас хурдхан зайлъя хэмээн сэмээрхэн гэтсээр хаалганд дөхөн очоод гарахыг завдтал өнөөх чанга дуут эмэгтэй бугуйнаас минь зууран авав. Харин нэгэн настай эрэгтэй "наадахаа явуулчих" гэсэнд өнөөх эмэгтэй "хоолыг нь өгөөд явуулъя" гэсэнд настай эрэгтэй "өөрөө иднэ" гэж хэлэхэд эмэгтэй намайг тавьж явуулав.

Өнөөх аймшигт газраас зугтан гарсандаа туйлын ихээр баярлан машин зам гараад алхаж байтал сайн найзтайгаа тааралдав. Түүнтэй элдвийг ярин алхсаар явтал түүний гэдэс өлссөн бололтой нэг газар орж хоол идье гэв. Би ч мөн адил өлссөн байсан тул дуртайяа зөвшөөрөн ойрхон нэгэн ресторанд орон хоолны цэс харан захиалах хоолоо товлочихоод зөөгчийг дуудах санаатай эргэн хартал нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх зааланд байсан хүмүүс тэр чигээрээ тэнд ирсэн байх агаад бүгд над руу харж байв. Би сандран хар хурдаараа хаалга руу гүйтэл хаалга цоожтой, өнөөх эмэгтэй, эрэгтэй хоёр над руу чиглэн алхаж айсуй"

гэж зүүдлэн сэрэв. Цаг харахад өглөөний 4:40 бөгөөд энэ явдал зүүд байсанд хязгааргүй ихээр баярлав. Өдөр нь нэгэн хэрүүлч хадагтайтай мухар сүсэгтэн, мунхаг үзэлтэнгээр нь дуудан месенжэрээр хэрэлдэж байснаа санав.

2 comments:

  1. ;)) neg kinog bdima yu ch ble teren shg l ym bolj

    ReplyDelete
  2. ireeduid ochson chen humuus bugd teneg boltson te.. hehe..

    ReplyDelete